Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүллээ.

Өнөөдөр дизель түлш тээвэрлэсэн 10 цистерн бүхий галт тэрэг Зүүнбаян өртөөнөөс 416,1 км аялж Цогтцэций өртөөнд орж ирлээ.

“Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” нь “Монголын төмөр зам” ТӨХК-тай энэ оны 2 дугаар сард санамж бичиг байгуулж, стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах, авто замаар шатахуун тээвэрлэлт хийхээс үүдэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилтын хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж ирсэн.

Ийнхүү 592,9 тн дизель түлшийг төмөр замаар тээвэрлэж Тавантолгой өртөөнөөс “Шунхлай” ХХК-д хүргэх туршилтын тээвэрлэлт амжилттай үргэлжилж байна.